Иргэдэд үзүүлэх үйлчилгээ
Төрийн цахим үйлчилгээ. Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг “ХУРДАН” системээр дамжуулан хурдан шуурхай, хүртээмжтэй байдлаар хүргэх, зөвлөгөө, мэдээллээр хангах зорилготой. “ХУРДАН” систем нь Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжүүдэд төрийн 39 байгууллагын 461 төрлийн үйлчилгээ, үүнээс 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй, түргэн шуурхай авах боломжтой юм.
Тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт, хөдөлгөөн. Импортоор орж ирсэн гаальтай авто машиныг шинээр бүртгэх, улсын дугаар олгох болон улсын дугаараа авсан шинэ, хуучин автомашины шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, бүртгэлээс хасах зэрэг тээврийн хэрэгсэлтэй холбогдох үйлчилгээг нэг цэгээс иргэд, бизнес эрхлэгчдэд үзүүлж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020.11.18-ны өдрийн А/222 дугаар тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-г хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд автотээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэн ажиллаж байна. Автотээврийн хэрэгслийн бүртгэл нь дараах төрөлтэй байна.
- Автотээврийн хэрэгслийг шинээр бүртгэх; /журмын 3-т заасныг харах /
- Автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний бүртгэл; /журмын 4-т заасныг харах/
- Автотээврийн хэрэгслийн техникийн өөрчлөлт; /журмын 5-д заасныг харах /
- Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээг нөхөн олгох; /журмын 6-д заасныг харах/
- Автотээврийн хэрэгслийн бүртгэлээс хасах, бүртгэлийг сэргээх; /журмын 7-д заасныг харах/
- Автотээврийн хэрэгсэлд түр дугаар олгох; /журмын 8-д заасныг харах/
- Автохэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын өөрчлөлт, солилт /журмын 9-д заасныг харах /
Тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг оношилгоо. Жил бүр нийт тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэгээр авто тээврийн хэрэгслийн ерөнхий байдал, иж бүрдэл, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, тоормосны систем, жолооны механизм, гэрэл дохио, явах анги, экологи болон эргономикийн үзүүлэлтүүд зэргийг стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд техникийн дүгнэлтийг гаргадаг. Манай авто худалдааны цогцолборт бүх төрлийн тээврийн хэрэгсэлд энэхүү үйлчилгээг үзүүлдэг бөгөөд үйлчлүүлэгч та бүхнийг тээврийн хэрэгслийн хяналтын үзэг оношилгоондоо цаг хугацаанд нь хамрагдаж байхыг уриалж байна.
Авто машины улсын дугаар хэвлэх. Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцдог тээврийн хэрэгсэлд олгох улсын дугаарын тэмдэг, тэмдэглэгээний үндсэн хэлбэр, хэмжээ, түүнийг үйлдвэрлэх, шалгах, хүлээн авах Монгол Улсын MNS 4410-1:2002, MNS4410-2:2017 стандартуудын шаардлагыг хангасан дугаарыг хэвлэх үйлдвэрүүд Авто худалдааны цогцолборт үйл ажиллагаа явуулж байна. Үйлчлүүлэгч та бүхэн тээврийн хэрэгслийн дугаартай холбоотой бүх төрлийн үйлчилгээг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд буюу бизнес эрхлэгчдийн мэддэгээр 22-т байрлах Авто худалдааны цогцолбор дахь нэг цэгийн үйлчилгээнээс авах бүрэн боломжтой.