Монголын хамгийн том авто машины худалдааны төвийн цахим хуудсанд зочилж буй эрхэм хүндэт харилцагч, үйлчлүүлэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Олны мэддэгээр 22-ын авто худалдааны төв нь 2014 онд Улаанбаатар хотын хөгжлийг тэлж, автомашины түгжрэлийг бууруулах, нийслэлийн агаар, орчны бохирдлыг багасгах, зөвшөөрөлгүй байршилд ил задгай авто машин болон дагалдах хэрэгслийн худалдааг зориулалтын талбайд явуулах зорилгоор байгуулагдсан.
Олон улсын худалдаа логистикийн төв буюу Авто худалдааны цогцолбор нь 4 бүст нийт 6375 авто зогсоолтой, бүх төрлийн автомашины бүртгэл, шилжилт хөдөлгөөн, даатгал, татвар, дугаар олголт зэрэг төрийн үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ автомашины оношилгоо, засвар үйлчилгээ, дагалдах хэрэгслийн худалдаа, зогсоолын түрээсийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Манай компани нь Монгол Улсын хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Засгийн газар болон Улаанбаатар хотын хөгжлийн баримт бичгүүдэд тусгагдсан Нийслэлийн баруун бүст тээвэр, логистикийн сүлжээг байгуулах зорилтын хүрээнд Төмөр замын гаалийн хяналтын бүс байгуулах, Хүнс, барааны бөөний худалдааны төв, зорчигч тээврийн “Хангарди” терминал байгуулах зэрэг томоохон төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Улаанбаатар хотынхоо хөгжил, хувь нэмэр оруулагч бидэнтэй хамтрагч бизнес эрхлэгч та бүхэн манай байгууллагын цахим хуудсанд зочилж төрийн үйлчилгээг нэг цэгээс авахын зэрэгцээ Авто худалдааны цогцолборын үйл ажиллагаа, байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг авахын зэрэгцээ бидний үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ ирүүлэх нөхцөл боломж бүрдэж байгаад таатай байна.
2024 онд манай байгууллагын 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд бид тогтвортой байдал, сайн засаглалыг хөгжүүлэх, бизнес эрхлэлтийн хамтын ажиллагааг өргөжүүлэх томоохон зорилтыг дэвшүүлсэн. Бидний зорилго, төлөвлөж буй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгч та бүхний санал, санаачлага, оролцоо, хамтын ажиллагаа хамгийн чухал хувь нэмрийг үзүүлэх болно.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, Та бидний хамтын ажиллагаа улам өргөжин бэхжих болтугай.