НИЙСЛЭЛ ХОТОД АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААР ОЛГОХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ БАТЛАХ ТУХАЙ



НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

2024 оны 10 сарын 23-ны өдөр            Дугаар:А/1230                         

                                                                                                                                                                                                                                              Улаанбаатар хот

 

 

Нийслэл хотод автотээврийн

хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар

 олгох шалгуур үзүүлэлтийг батлах тухай

 

 

   Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн, 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Автотээврийн тухай хуулийн 17 дүгээр зүйлийн 17.7 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 18 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

   1.“Нийслэлд олгох автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тооны дээд хязгаарт багтаан олгох автотээврийн хэрэгслийн төрөл, ангилал, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл,  шалгуур үзүүлэлт”-ийг хавсралтаар баталсугай.

 

   2.Энэ захирамжийг холбогдох хууль, журмын дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газар (Д.Амгалан)-т, олон нийтэд шуурхай мэдээлэх, сурталчлах ажлыг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс (Г.Баярцэцэг)-т тус тус үүрэг болгосугай.

 

   3.Энэ шалгуур үзүүлэлтийн 3.1.6 болон 3.1.8 дэх заалтыг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

   4.Энэхүү шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлж ажиллахыг “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ (Ч.Хувьзаяа)-т, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч (Т.Даваадалай)-д даалгасугай.

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ                                                     Х.НЯМБААТАР

 

 

 

 

Нийслэлийн Засаг даргын 2024 оны

10  дугаар сарын 23-ны өдрийн

А/1230 дугаар захирамжийн хавсралт

 

 

НИЙСЛЭЛД ОЛГОХ АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААРЫН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРТ БАГТААН

ОЛГОХ АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТӨРӨЛ, АНГИЛАЛ, ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

 

НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

   1.1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан дээд хязгаарт багтаан нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох автотээврийн хэрэгслийн төрөл, ангилал, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл, шалгуур үзүүлэлтийг энэхүү баримт бичгээр тодорхойлно. 

 

   1.2.Нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгохтой холбогдсон энэ шалгуур үзүүлэлтээр тодорхойлсноос бусад харилцааг Автотээврийн тухай хуулийн 171.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-аар зохицуулна.

 

ХОЁР.АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТӨРӨЛ, АНГИЛАЛ,

ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

 

   2.1.Автотээврийн хэрэгслийн төрөл, ангиллыг Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу ойлгох бөгөөд энэхүү шалгуур үзүүлэлт дараах тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгоход дагаж мөрдөнө.

   2.1.1. мотоцикл;

   2.1.2. механизм;

   2.1.3. зүтгүүр;

   2.1.4. чиргүүл;

   2.1.5. цистерн;

   2.1.6. тусгай зориулалт:

   2.1.7. автобус,

   2.1.8. бүх жин нь 3,5 тонноос дээш ачааны автомашин

(“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д зааснаар ойлгоно.)

 

   2.2.Иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэлийг нийтийн зорчигч тээвэр, төрийн өмчийн, хувийн өмчийн гэж ангилах бөгөөд энэхүү шалгуур үзүүлэлтийг хувийн болон төрийн өмчийн тусгай зориулалтын тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгоход дагаж мөрдөнө.

 

ГУРАВ.ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

 

   3.1.Нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг  дараах шаардлагыг хангасан тохиолдолд олгоно:

 

   3.1.1.тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;

 

   3.1.2. өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 25.1.5, 25.2.1, 25.2.4, 25.2.5-д заасан төлбөрөө барагдуулсан байх;

 

   3.1.3. зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан  зөрчлийг болон торгох шийтгэлийг барагдуулсан байх;

 

   3.1.4. жолоочийн даатгалын  тухай хуулийн 5.1 дэх заалтын дагуу даатгуулсан байх;

 

   3.1.5.тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь  “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;

 

   3.1.6.сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх;

 

   3.1.7.батлагдсан шалгуур үзүүлэлтээр тогтоосон дэс дарааллын эхэнд байх;

   3.1.8.экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдсан байх;

 

   3.2.Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно:

 

   3.2.1.хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар нь;

 

   3.2.2.цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл нь бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө байх;

   3.2.3.тээврийн хэрэгслийн үйлдвэрлэсэн он буюу хамгийн сүүлд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл өмнө нь байх;

 

   3.2.4.зүүн гар талдаа жолооны хүрдтэй бол баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;

 

   3.2.5.хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлгүй бол эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлтэй иргэн, хуулийн этгээдийн өмнө нь байх.

 

   3.2.6.хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолтой бол эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолгүй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх;

 

   3.2.7.шалгуур үзүүлэлтийн дагуу эхний сар улсын дугаар авч чадаагүй жагсаалтад байгаа иргэн, хуулийн этгээдийн дараалал нь дараа сарын хүсэлт гаргагч иргэн, хуулийн этгээдийн өмнө байх.

 

 

ДӨРӨВ. АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛИЙН

ДУГААР ОЛГОХ АРГАЧЛАЛ

 

   4.1.Иргэн, хуулийн этгээд Зам, тээврийн хөгжлийн сайдын баталсан /хуучнаар/ “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар авах хүсэлт гаргана.

 

   4.2.Энэ шалгуур үзүүлэлтийн 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авч, сар бүрийн 01-ний өдөр шинээр эрэмбэлэн, дараалал тогтоон, дарааллын дагуу тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоно.

 

ТАВ.БУСАД

 

   5.1.Төрийн өмчид бүртгэлтэй тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэхгүй.

 

   5.2.Банк болон банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан тээврийн хэрэгсэл худалдан авсан тохиолдолд эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоно. 

                        Эх сурвалж: Улаанбаатар хот page