Улаанбаатар хотын сери дугаарын асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандлаа.

Импортоор оруулж ирж буй автомашинд Улаанбаатар хотын серитэй улсын дугаар олгохгүй байгаа асуудлаар зарим иргэн Үндсэн хуулийн цэцэд хандав.

Иргэдийн зүгээс “УИХ-аас өнгөрсөн 2023 оны 12 дугаар сард Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталсан. Гэвч үүн дотроо хүний эрхийг хязгаарлаж, боогдуулсан хуулийн заалтууд оруулсан. Тухайлбал Улаанбаатар хотод олгох автомашины улсын дугаарын тооны дээд хязгаарыг тогтоох эрхийг НИТХ-д олгосон. Үүний дагуу НИТХ-аас 2024 оны хоёрдугаар сард Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн дугаарын дээд хэмжээг 730 мянгаар тогтоосон. Тэгээд 730,001 дэх хүн тээврийн хэрэгслийн дугаар авъя гэхэд дээд хязгаарт хүрсэн тул боломжгүй гэж байна.

Тэгтэл өнгөрсөн 10 сарын 23-ны өдөр Нийсэллийн Засаг дарга тээврийн хэрэгслийн тоо 730 мянгаас буурсан тохиолдолд улсын дугаарыг евро 4 болон түүнээс дээш хөдөлгүүртэй, үйлдвэрлэсэн оноос хойш 10 жилээс хэтрээгүй байх гэх мэтчилэн шалгуур үзүүлэлтээр олгоно гэв.

Түгжрэлийг бууруулах гэж байгаа мэт харагдавч төр, засаг өнгөрсөн хугацаанд түгжрэл бууруулахын тулд юу хийсэн бэ? Автомашиныг улсын дугаараар хязгаарласан, үр дүнд хүрээгүй. Дараа нь тэгш, сондгойгоор хязгаарлаж үзсэн, үр дүнд хүрээгүй. Ингэж хоёр удаа хязгаарлалт хийж иргэдийн эрхийг зөрчсөн. 

Дараа нь цахилгаан автомашин ногоон, төрийн байгууллагынх цэнхэр дугаартай болсон. Өөрөөр хэлбэл, дарга нарын машин хязгаарлалтад ороогүй гэсэн үг. Мөн Б бүсэд амьдардаг хүмүүс А бүсэд орох гээд түгжрэл үүсгэж байна гээд хязгаарлалт тогтоож А бүсэд орвол мөнгө төлнө гэсэн, энэ нь ч үр дүнд хүрээгүй, иргэдийн эсэргүүцэлтэй тулаад больсон. Дараа нь хөдөө орон нутгаас иргэд ирээд таксинд яваад түгжрэл үүсгэж байна гэсэн, ингээд иргэд таксинд явбал торгоно гэж журмаа өөрчилсөн. 

Ингээд эцэст нь, 730 мянгаас дээш улсын дугаар олгохгүй гэж журамласан. Хэрэв үүнээс буурсан тохиолдолд дандаа он залуу автомашинд улсын дугаар олгоно гэж иргэдийн эрхийг хязгаарлаж, боомилсон. Би жишээ нь “Приус-20” маркийн автомашинтай. Одоо машинаа сайжруулж “Приус-30” авъя гэхэд боломжгүй болчихлоо. Учир нь улсын дугаар 730 мянгад хүрсэн. Одоо 785 мянга болсон, үүнээс буурсан тохиолдолд олгоно гэнэ. Ингэхдээ, би 2015 онд үйлдвэрлэсэн автомашин авах гэж байгаа. Гэтэл 2024 онд үйлдвэрлэсэн автомашин авах гэж байгаа хүн миний урд орж дугаар авах юм гэнэ. Мөн хувьдаа зогсоолтой хүн миний өмнө дугаар авах юм байна. Энэ бол хүний эрхийг зөрчиж байгаа асуудал.

Тийм учраас УИХ-аас өнгөрсөн жил гаргасан хуулийг, НИТХ-ын тогтоол, мөн Нийслэлийн Засаг даргын захирамж хүний эрхийг хязгаарласан учраас Үндсэн хуульд гомдол гаргаж байна. Асуудлыг шийдэж өгнө гэж найдаж байгаа. Уг нь замаа хоёр давхар болгоод, гүүр, замыг бариад байсан бол түгжрэл буурах байсан. Өөрсдөө хангалттай арга хэмжээ аваагүй хэр нь иргэдийн эрхийг боомилж тэгш бус байдал үүсгэж байгаад бид гомдолтой байна” гэлээ.