Улаанбаатар хотод “Шувуутай нуур” байдгийг мэдэх үү…
Улаанбаатар хотын баруун бүст орших "Шувуут нуур"-нд 42 овгийн 204 зүйлийн шувууд амьдарсаар нэлээд хэдэн жилийг үдээд байна.
Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэр буюу олны мэддэгээр 22-ын Авто худалдааны цогцолборын дэргэд байрлах "Шувуут нуур" үүсч, тус нууранд 44 зүйлийн шувуу өндөглөн зусч, 33 зүйл нь суурьшин, 13 төрлийн шувууд тогтмол өвөлжиж байгааг "Сараана" байгаль хамгаалах сангийн шувуу судлаачид тогтоожээ.
Олон улсын худалдаа, логистикийн төв ХК нь "Шувуут нуур"-ыг түшиглэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар иргэдийн амарч зугаалахад зориулсан сургалт, судалгаа, аялал жуулчлалын эко бүс бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
“Шувуут нуур”-ын эргэн тойрныг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулснаар Улаанбаатар хот дахь ногоон байгууламж нэмэгдэж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, орчны бохирдлыг бууруулах, иргэдийг чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, жижиг бизнес хөгжиж, ажлын байр нэмэгдэх, их дээд болон ерөнхий боловсролын сургуулиудад шувуу, загас судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлын суурь бааз бий болох зэрэг ач холбогдолтой юм.
Газрын гүнээс ус ундарч одоогоор 17 га талбай бүхий том хэмжээний нуур үүссэн бөгөөд зэгс, бургас бүхий жижиг арал нуурын дунд бий болж төрөл бүрийн шувуудаас гадна планктон, алгана, хэлтэг, сахалт эрээлж, шаамий зэрэг загас, замаг нууранд байгааг судлаачид тогтоох судалгааны ажил үргэлжлэн хийгдэж байна. “Шувуут нуур”-ын усыг Усны хяналтын төв лабораториос шинжилж үзээд цэвэр цэнгэг устай гэсэн дүгнэлт гаргасан. Одоогийн байдлаар ойр орчмын карьерын нүхнүүдийг дарж аюул ослоос сэргийлэх, эргэн тойронд нь амьдарч суурьшсан иргэн аж ахуйн нэгжүүд хог хаях нуурын усыг бохирдуулж байгаа тул нуурыг тодорхой хугацаанд зарим ТББ-уудын дэмжлэгтэйгээр цэвэрлэх ажил хийгдэж байна.
Цаашид тус нуурыг хамгаалалтад авч, цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах, загас, ургамал, амьтныг үржүүлэх, шувуу харах болон эрдэм шинжилгээ судалгааны төв болгон хөгжүүлэх шаардлагатай байгаа юм.