Жолооч та торгуулиа хугацаандаа төлбөл 50%-ийн хөнгөлөлт үзүүлнэ


    Өнгөрөгч онд Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан Эрүүгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэн баталсан. Ингэснээр шинэ оны эхний өдрөөс шинэчлэн батлагдсан хуулийн заалтууд хэрэгжиж эхэлсэн юм. Тэр дундаа торгуулиа төлөөгүй жолооч нартай холбоотой зарим заалтууд олон нийтийн анхаарлыг татаж буй. Тэгвэл Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагалдаж Зөрчлийн тухай хуульд торгуулиа төлөөгүй жолооч нарт оногдуулах хариуцлагатай холбоотой ямар заалтууд орсон талаар та бүхэнд хүргэж байна. Зөрчлийн хуульд орсон өөрчлөлтүүд:


• Зөрчил гаргасан жолооч, хуулийн этгээд торгуулийг хугацаандаа/15 хоногт/ төлбөл торгуулийн хэмжээг 50%-аар хөнгөлнө.
 
• Жолооч, хуулийн этгээд торгуулиа хуульд заасан хугацаанд буюу 15 хоногоос хэтрүүлсэн тохиолдолд торгуулийн хэмжээг 50% хүртэл нэмэгдүүлнэ. Торгуулийн хэмжээг 50% хүртэл нэмэгдүүлсэн шийтгэлийг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэнэ. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний зөрчил үйлдсэн бол торгуулиа заавал төлнө, торгуулиа төлөхгүй байгаа тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэж торгуулийг төлүүлнэ.
 
• Мөн торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх эрх, жолооны үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, нөхөн авах, өөрчлөх зэрэг төрийн үйлчилгээ авах эрхийг хязгаарлана.
 
• Торгуулиа төлөөгүй бол тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй.
Зөрчлийн болон Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа дэлхийн бусад орны хуулиудыг харьцуулж судалж байж өөрчлөлт оруулсан болохыг  Хууль Зүй Дотоод Хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хэллээ. 
.