Хотын дүрэм боловсруулахад иргэдээс санал авна

УИХ-ын дарга Г.Занданшатар: -Хуулийн хэрэгжилтийг хангахдаа үндсэн гурван асуудалд онцлон анхаараарай. Нэгдүгээрт, нийслэлийн дүрмийг иргэдийн оролцоотойгоор зөвлөлдөх, санал асуулгаар боловсруулах хэрэгтэй. Хотын иргэдийн харилцаа, замын хөдөлгөөний соёлоос эхлээд  хуулиар зохицуулдаггүй харилцааг иргэдийн оролцоотой баталдаг бусад улсын туршлага бий. НИТХ санаачилгыг авч, иргэдийн амгалан тайван, эрүүл саруул орчинд ажиллаж, амьдрахад чиглэсэн хотын дүрэмтэй болох нь зүйтэй юм. Иргэдийн нас, хүйс, нийгмийн байдлыг орхигдуулалгүй төлөөлөл сонгож, санал авах нь зүйтэй.  Үүнийг ирэх аравдугаар сардаа багтаан хийх нь чухал байна.
Хоёрдугаарт, эдийн засгийн хувьд бие даасан дагуул хотуудыг байгуулах нь Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах онцгой ач холбогдолтой. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо эдийн засгийн чөлөөт бүсийг Хөшигийн хөндий орчимд байгуулахыг судлаад, Засгийн газартай хамтран ажиллаж байгаа. Зуунмод, Майдар, Хөшигийн хөндий гэсэн гурван хотын нэгдсэн төлөвлөлтийг хийж байгаа. Хууль эрх зүй, газрын харилцаа зэрэгт зөрчилтэй асуудлууд байгааг анхаарахын дээр дэд бүтцийн төлөвлөлтийг хийх нь зүйтэй. Дагуул хотоо түшиглэн дулааны станц, цэвэрлэх байгууламж байгуулах, аялал жуулчлалын бүстэй болох, оюутны хотхоныг дагалдуулж гаргах эсэх гэхчлэн  нэгдсэн зохион байгуулалтад оруулахад Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын Түр хорооны гишүүд анхаарч ажиллах хэрэгтэй.
Гуравдугаарт, цар тахлын үеийн халамжаас шалтгаалаад хөрөнгө оруулалтын боломж, бололцоо нэлээд хумигдсан. Шинэ хуулийн хүрээнд нийслэлийн төсөвт томоохон өөрчлөлт хийх цаг болсон. 2022 он нийслэлийн хувьд онцлог жил. Гишүүд нам үл харгалзан иргэдийнхээ төлөө Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудлыг хамтран шийдвэрлэж, нэгдэж ажиллах хэрэгтэй. Өнгөрсөн 30 жилд бий болсон хотын замбараагүй төлөвлөлт, газар олголтоос ундарсан төвлөрөл, түгжрэл болоод бусад асуудлыг шийдэхээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар сайн ажиллаж байна.

Хуваалцах