Нус, шүлс, цэр хаях, зориулалтын бус газарт бие засвал торгуультай

“Эрүүл ахуйн тухай” хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Уг хууль нь энэ онд хүчингүй болсон “Ариун цэврийн тухай” хуулийн шинэчилсэн найруулга юм. 
Хотжилт, бүтээн байгуулалт, үйлдвэржилт, техник технологийн дэвшилтэд суурилсан хөгжил өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд “Ариун цэврийн тухай” хууль хангалттай цаг үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байгаа учир “Эрүүл ахуйн тухай” хууль болгон шинэчилэх шаардлага гарсан. 
Тийм ч учраас хүний эрүүл мэндэд нөлөөлж болох сөрөг хүчин зүйлсыг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цогцоор нь шийдвэрлэх зарчмыг баримтлан "Эрүүл ахуйн тухай" хуулийн заалтыг боловсруулсан байна.
Түүнчлэн хуулийг зөрчсөн этгээдэд хариуцлага болгон тооцох мөнгөн дүнгийн хэмжээг ч мөн шинэчилсэн. Үүнд:  1998 онд батлагдсан хуулинд торгуулийн хэмжээ албан тушаалтанд 10000-50000, иргэнд 5000-50000, хуулийн этгээдэд 100 000-200 000 төгрөгийн торгуультай байсан бол одоо иргэнд 5000 - 1 сая, хуулийн этгээдэд 1 сая-3 сая төгрөгийн торгууль ноогдуулна.
Мөн нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэр, тамхины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулах, зориулалтын бус газарт бие засах, хог хаягдлыг ил задгай хаях, шатаах зэрэг хориотой бөгөөд үүнийг зөрчсөн иргэнийг 5000-20000 төгрөгөөр цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан торгоно.
Энэхүү хуулиар аж ахуй нэгж байгууллага, иргэд мөн эрүүл мэндийн салбарын бүхий л үйл ажиллагааг эрүүл ахуй талаас нь зохицуулалт хийнэ. Өөрөөр хэлбэл энэ хууль нь агаарын бохирдол, газрын хөрсний бохирдол, хүний эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэх бүхий л зүйлийг аж ахуй нэгж, иргэд яаж ашиглах, үүнтэй яаж харьцах зэрэг асуудлыг зохицуулна.
Тодруулбал:
  • Хүн ам өсөхийн хэрээр аж үйлдвэрлэл нэмэгдэж үүнийгээ дагаад хүний эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр нөлөөлөл үзүүлж байгаа. Түүнчлэн агаарын болон хөрсний бохирдол өмнөх онуудаас нэмэгдэж бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөж байна.
  • Усны хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчиж барилга байгууламж барих, уул уурхай олборлох, газар тариалан, мал аж ахуй эрхлэх нь ундны ус бохирдоход хүргэж байна
  • Улсын хэмжээнд байгаа цэцэрлэг сургуульд суралцаж буй нийт хүүхдүүдийн суралцах эрүүл ахуйн орчин бүрэн хангагдахгүй байгаа
  • Үйлдвэрийн болон ахуйн хог хаягдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй бие засах газар зэргээс хөрс маш их хэмжээгээр бохирдож байна
  • Эрүүл мэндийн салбарт эрүүл ахуйн норм хангаагүйгээс үүдэлтэй өвчин ихсэж байгаа зэрэг асуудлуудыг
эрүүл ахуйн нөхцөл шаардлагад нийцүүлэн хуульчилснаар хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай орчин, нөхцөл бүрдэх юм. 

Хуваалцах