Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах авто зогсоолын үйл ажиллагааг нь зогсоон битүүмжилж байна


Улаанбаатар хотын Төв талбай буюу Сүхбаатарын талбайн урд талын одоо автомашины зогсоолыг газар эзэмших эрхийг эзэмшиж байсан “Ю Би контракшн” компанийн гэрээг цуцалж, авто зогсоолын үйл ажиллагааг зогсоон, бүтүүмжилж байна.
2006 онд  Нийслэлийн засаг даргын захирамжаар төв талайн урд хэсэг болон цэцэрлэгт хүрээлэнгийн  2,5 га газрыг дээрээ усан оргилууртай доороо үйлчилгээний төвтэй болгоно хэмээн төсөл шалгаруулж “Ю Би контракшн” компанид 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг.


Түүнээс хойш 10 гаруй жил өнгөрөхөд энэ бүтээн байгуулалт огтхон ч хийгдээгүй бөгөөд харин 2016 онд Нийслэл тухайн компанитай гэрээ байгуулж өөрийн хөрөнгөөр  авто зогсоол болгон тохижуулсан.  Ингэхдээ зогсоолын орлогын 30 хувийг Нийслэлийн автозамын санд төвлөрүүлж байхаар гэрээ байгуулсан ч одоог хүртэл нэг ч төгрөг төвлөрүүлээгүй байна. 
Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/364 тоо захирамжаараа газар олгосон дээрх захирамжийг хүчингүй болгосон. Нийслэл өөрийн хөрөнгө оруулалтаар усан оргилуур бүхий бүтээн байгуулалт, нийтийн бие засах газар зэргийг барихаар төлөвлөж байгаагаа  мэдэгдсэн. 

Үүний дагуу тус компанид 3 хоногийн дотор талбайг чөлөөлж өгөх албан шаардлага тавьсан. Гурав хоногийн дотор талбайг чөлөөлөөгүй учир өнөөдөр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон учир авто зогсоолын үйл ажиллагааг нь зогсоож, лацдаж, битүүмжлэх ажлыг НЗДТГ болон Нийслэлийн газрын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулж байна. Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах автозогсоолд өнөөдрөөс нэг ч автомашин зогсохгүй аж. Мөн чөлөөлөгдсөн тус талбайг цаашид хэрхэн ашиглах талаар иргэдээс санал асуулга авч байгаа гэв. 

Хуваалцах